STOCKHOLMS LOKALTRAFIK AB (SL) БУЮУ СТОКГОЛЬМ ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ӨГЧ БУЙ ЗОРЧИХ Б
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 2 min läsning
Resegaranti буюу зорчих баталгаа нь Stockholms Lokaltrafik AB (SL) компаниар үйлчлүүлэгчдэд өгч буй баталгаа бөгөөд хэрвээ Таны зорчихоор төлөвлөсөн нийтийн тээврийн хэрэгсэл хуваарьт цагаасаа 20 минутаас илүү хоцорсон болон цуцлагдсан тохиолдолд очих газартаа хүрэхийн тулд такси хөлслөх, хувийн унаа эсхүл хот хоорондын тээврийн бусад хэрэгслээр буюу SJ (Statens Järnvägar) зорчиход гаргасан нэмэлт төлбөрийг энэхүү баталгааны дагуу буцаан олгох юм. Буцаан олгох нөхөн төлбөрийн хэмжээ дээд тал нь 800 крон байдаг байна. Зорчих баталгаа нь зөвхөн Стокгольм хотын нийтийн тээврийн хэрэгслүүд (автобус, газар доогуур болон дээгүүр явдаг гал тэрэг, метро, Waxholmsbolag-ийн усан тээвэр) болон Gnesta, Bålsta, Uppsala чиглэлд явж буй галт тэргээр зорчих үед хүчинтэй бөгөөд бусад усан тээврийн хэрэгсэл болон хот, нисэх буудал хоорондын тээврийн автобус зэрэгт үйлчлэхгүй. Ямар тохиолдолд зорчих баталгаа ҮЙЛЧЛЭХ вэ? • Хэрвээ та тээврийн хэрэгсэл саатсаны улмаас тээврийн бусад хэрэгслээр үйлчлүүлсэн бол, • Таны зорчихоор төлөвлөсөн нийтийн тээврийн автобусны багтаамж дүүрсний улмаас та зорчих боломжгүй болсон бөгөөд дараагийн унааг 20 минутаас дээш хүлээхээр бол, • Саатал гарсан үед тээврийн хөдөлгөөн зохицуулагчаас шинээр гаргасан маршрутын дагуу явахад та очих цагаасаа 20-иос дээш минутаар хоцрох тохиолдолд, • Саатал гарсан үед гаргасан нэмэлт тээвэр нь 20-иос дээш минутаар хоцрох тохиолдолд, • Нөхөн төлбөр нь Waxholmsbolag-ийн усан тээвэр болон Stockholm Lokaltrafik хамтарсан тээврийн үйлчилгээнд мөн адил хамаарна. Ямар тохиолдолд зорчих баталгаа ҮЙЛЧЛЭХГҮЙ вэ? • Нийтийн тээврийн чиглэл, маршрут болон цагийн хуваарьт орсон өөрчлөлтийг олон нийтэд урьдчилан мэдээллэсэн үед, • Нийтийн тээвэрт ажиллагсдын ажил хаялт эсвэл ажил олгогчийн зүгээс локаут зарласнаас үүдэн гарах саатлын үед, • Стокгольмын ихэнх хэсгийн цахилгаан тасарсны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үргэлжлэх боломжгүй болсон тохиолдолд, • Цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх, хүчтэй шуурга, цасан шуурганы улмаас зам хаагдсан үед тус тус үйлчлэхгүй болно. Нөхөн төлбөрөө хэрхэн буцаан авах вэ? Нөхөн төлбөрөө буцаан авахаар хүсэлт гаргахдаа галт тэрэгний буудлын ажилтнаас эсвэл SL-ийн аль нэг төвүүдээс анкет авч бөглөх (интернэтээр анкетыг бөглөх боломжтой) шаардлагатай бөгөөд бөглөсөн анкетаа төлбөрийн баримтын эх хувь болон SL билетийн картны дугаарын хамт 3 сарын дотор дараах хаяг руу шуудангаар явуулах бөгөөд шуудангийн дугтуйд ямар нэг марк наах хэрэггүй. AB Storstockholms Lokaltrafik Svarspost 120561104 110 30 Stockholm Хэрвээ та : • Такси хөлсөлбөл төлбөрийн баримтын эх хувь • Хувийн машинаар зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаар, нийт явсан мил зам, хаанаас хаана хүрсэн хаягыг заавал дурьдана. Зогсоолын төлбөрийн тасалбарын эх хувь болон замын түгжрэл, ачаалалд ноогдуулах татварт оногдуулсан захианы ар, өврийн хэсгийн хуулгыг хамт илгээх ёстой. Энэхүү захиа нь танд хүрэхэд 2 сар хүртэлх хугацаа зарцуулагддаг тул Тээврийн газарт хандан төлбөрийн мэдээллийг гаргуулан авах боломжтой. Нөхөн төлбөрийн хэмжээ шведийн 1 мил буюу 10 км тутам 18,50 крон. • Бусад нийтийн тээврээр үйлчлүүлсэн бол тасалбарын эх хувийг тус тус хавсарган явуулна. Мөн түүнчлэн: • Reskassa буюу үнийн дүнгээс хасагддаг билеттэй байсан бол картны дугаар, • SMS буюу мессэж билет худалдан авсан утасны дугаар, • Автомат машины болон нэг удаагийн билет бол эх хувиар нь хавсарган захиагаар явуулна. • Бусад тохиолдолд танд олгогдох нөхөн төлбөрөөс тухайн чиглэлд зорчих тасалбарын үнэ хасагдах болно. Нөхөн төлбөр авахаар худал мэдүүлсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Хэрвээ танд нөхөн төлбөр олгохгүйгээр шийдвэрлэсэн бол энэхүү өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд давж заалдаж болно.
Comments