ШВЕДИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖААС ОЛГОДОГ ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭНД ЗОРИУЛСАН ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ТУХАЙ
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 2 min läsning
Шведийн нийгмийн халамжаас тус улсад оршин суугаа иргэдийн шүдний эмчилгээнд зориулан шүдний эмчилгээний тэтгэмжийг жил бүр олгодог бөгөөд энэхүү тэтгэмжийг жил бүрийн 7-р сарын 1-нд Försäkringskassan буюу Нийгмийн даатгалын санд таны personnummer /регистрийн дугаар/-аар байршуулдаг байна. Дээрх тэтгэмжийг авахад та ямар нэгэн өргөдөл, анкет бөглөхгүйгээр зөвхөн өөрийн үйлчлүүлсэн шүдний эмнэлгийн эмч, ажилтанд төлөх ёстой нийт төлбөрийн дүнгээс энэхүү тэтгэмжийг хасуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд хангалттай. Таны насны ангиллаас хамаарч, тэтгэмжийн хэмжээ доорхи байдлаар олгогдоно: • 20-29 насны иргэдэд жил бүр 300 крон • 30-74 насны иргэдэд жил бүр 150 крон • 75 болон түүнээс өндөр настанд жил бүр 300 крон байна. Түүнчлэн та хэрвээ амны хөндийн ямар нэг өвчтэй эсхүл хөгжлийн бэрхшээлтэй бол тэтгэмжийн онцгойлсон хэлбэр буюу хагас жилийн 600 кроныг жилийн 1 болон 7-р сарын эхэнд авах эрхтэй. Энэхүү тэтгэмжийг хуваан ашиглаж болно. Тэтгэмжийг бүтнээр нь нэг удаагийн эмчилгээний төлбөрөөс хасуулах бөгөөд хэрэв өнгөрөгч оны тэтгэмжийг хэрэглээгүй байсан тохиолдолд энэ оны тэтгэлэгтэйгээ хамтатган ашиглах боломжтой. Тэтгэмж нь шүд цайруулах зэрэг гоо сайхны эмчилгээнд хамаарахгүй болно. Хэрвээ таны авсан шүдний эмчилгээний зардал 3000 кроноос дээш болсон тохиолдолд ersättning för högkostnadsskydd буюу зардал ихтэй шүдний эмчилгээнд олгогдох хөнгөлөлт авах боломжтой болох ба энэ нь шүдний эмчилгээ, хагалгаанаас үүдсэн их хэмжээний зардлын тодорхой хэсгийг Нийгмийн даатгалын сангаас таны үйлчлүүлсэн эмнэлэгт таны нэр дээр шилжүүлнэ гэсэн үг юм. Хөнгөлөлтийн төлбөрийг олгохдоо referenspris буюу эрх бүхий байгууллагын тогтоосон шүдний эмчилгээ, үйлчилгээний жишиг үнийг баримталдаг байна. Таны эмчилгээний нийт төлбөр:• 3000-15000 крон бол таны заавал төлөх ёстой 3000 кроныг хассаны дараагаар үлдсэн үнийн дүнгээс 50%-ийг хөнгөлнө,• 15000 кроноос дээш бол өмнөх аргачлалын дагуу хөнгөлөлт эдлэх бөгөөд үүнээс илүү гарсан төлбөрийн үлдэгдэлд 85 % хөнгөлөлт үзүүлнэ. Жишээлбэл: Таны эмчилгээний нийт төлбөр 15000 крон болсон тохиолдолд та (15000-3000)*50%=6000 кроны хөнгөлөлт авна.Хэрэв эмчилгээний нийт төлбөр 20000 крон болсон тохиолдолд та (15000-3000)*50%+5000*85%=10250 кроны хөнгөлөлт авна.Та шүдний эмчилгээ хийлгэсэн баримтаа авах боломжтой ба уг баримтанд танд үзүүлсэн үйлчилгээний хөлс, тогтоосон жишиг үнэ болон танд олгогдсон хөнгөлөлтийн хэмжээ зэрэг тусгагдсан байна. Хэрвээ та шүдний эмчийн хяналтанд тогтмол үйлчилгээ авах гэрээтэй бол гэрээнд тусгагдсан эмчилгээнд хөнгөлөлт авах боломжгүй. Мөн ямар нэг өвчний үед зайлшгүй хийгдэх шаардлагатай шүдний эмчилгээнд дээрх хөнгөлөлт хамаарахгүй ажээ. МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ УЛСАД СУУГААЭЛЧИН САЙДЫН ЯАМ 2013 оны 12 дугаар сарын 20
Comments